АЗИЙН ОРНУУДЫН ШИНЭ ХЭВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДАХЬ КЛАСТЕРУУД” сэдэвт вебинар.

Энэ удаагийн вебинарыг TCI сүлжээ болон МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнтэй хамтран 2020.07.07-ны өдөр зохион байгууллаа. Вебинарт  Европ, Латин Америк, Ази тивээс илтгэгч нар оролцож шинэ коронавирус халдварын нөхцөлд кластерууд хямрах шалтгаан, хямралыг даван туулахад анхаарах асуудал, халдварын дараах шинэ хэвийн нөхцөлд шилжих тухай, мөн Азийн орнуудын шинэ хэвийн нөхцөл байдлын үзэл баримтлал ба кластеруудын тухай хэлэлцсэн. Үүний зэрэгцээ орчин үед сургалтын арга зүйд гарч буй өөрчлөлт-цахим сургалтын давуу болон сул тал, сайжруулах арга замын талаар сонирхолтой хэлэлцүүлэг явагдлаа.

Азийн орнуудад цар тахлын нөлөө их байгаа бөгөөд бизнес эрхлэгч нарт хүндээр тусаж байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбарт хямрал үүсээд байна. Оролцогч нар өөр өөрийн улс оронд цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, хэрэгжүүлж болох арга хэмжээ, шийдлийн талаар санал солилцлоо. Монгол улсын хувьд голлох салбар болох уул уурхайн салбарт тодорхой нөлөө үзүүлээгүй байна хэмээн профессор Ч.Хашчулуун онцолж, цаашид эрүүл мэндийн салбарын кластерыг хэмжих, хөгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Цар тахлын үед боловсрол, эрүүл мэндийн кластерийн өрсөлдөх чадварыг бодитоор үнэлэх шаардлага үүсэж байна. Учир нь, АНУ нь эрүүл мэндийн салбартаа бэлтгэлтэй байдлаараа дээгүүр байрт байсан боловч цар тахлын бодит байдал дахь үнэлгээтэй нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Монгол улс нь эрүүл мэндийн үнэлгээгээр доогуур байр эзэлж байсан хэдий ч мөн л бодит байдлаас өөр дүр зураг харагдаж байна. Эндээс харахад бид эрүүл мэндийн салбарыг кластер талаас нь авч үзэх боломжтой байна гэсэн санал гаргаж байна. Эрүүл мэндийн салбар нь биотехнологитой ойрхон салбар юм. Жишээлбэл, цар тахлын эсрэг вакцин гаргах гэж судалгаа, шинжилгээ, өрсөлдөөн явагдаж байна. Монгол улсын хувьд бол социализмын үеэс үлдсэн системээрээ явж байгаа.